Цахим хичээл-цахим сургалтын хэрэглэгдэхүүний ялгаа
Цахим сургалт
Цахим сургалт нь бүх төрлийн цахим дамжуулах төхөөрөмж /компьютер, проектор, интернет, телевиз, аудио, видео систем/ ашигладаг технологид суурилсан сургалт юм.
Цахим сургалт = Технологид суурилсан сургалт
Цахим сургалтын хэлбэр:
- Компьютерт суурилсан сургалт /жнь: англи хэлний хичээл/
- Интернэтэд суурилсан зайн сургалт
- Радио, телевизийн зайн сургалт
- Танхимын сургалт
Сургалтын цахим хэрэглэгдэхүүн
Сургалтын цахим хэрэглэгдэхүүн гэдэг нь сургалтын заах аргын шаардлагад нийцэхүйц боловсруулагдсан, компьютер болон бусад техник технологийн тусламжтайгаар суралцагчдад хүрч, сургалтад хэрэглэгддэг сургалтын хэрэглэгдэхүүн юм.
Цахим сургалтын хэрэглэгдэхүүн нь уламжлалт сургалтын хэрэглэгдэхүүнтэй харьцуулахад бэлтгэл их шаарддаг боловч, сайжруулж баяжуулж олон удаа хэрэглэх болон бусад багш нар ашиглахад тохиромжтойгоороо давуу талтай юм.
Хүн сонссон зүйлийнхээ 10-20%
Харсан зүйлийнхээ 30-40%
Сонсоод, хараад, хийсэн зүйлийнхээ 60-70%-ийг ойлгодог гэсэн судалгаа байдаг.
Тэгэхээр хичээлийн ихэнх цагийг багш яриад тайлбарласан тохиолдолд сурагч 10-20%-ийг нь ойлгоод үлддэг байх нь.
Сурагчдад агуулгыг илүү ойлгомжтой болгох үүднээс багш самбар дээр шаардлагатай зүйлийг бичиж, тайлбарлаж өгдөг.
Самбар дээр бичих нь зарим нэг бэрхшээлийг дагуулдаг. Үүнд:
- Самбарын талбай хязгаарлагдмал болохоор их зүйл бичиж байгаа үед эхнээс нь арилгаад бичих хэрэгтэй болдог.
- Хичээлийн дунд юм уу, төгсгөл үед эхний тайлбарлаж бичээд арилгасан зүйлээ дахин бичих шаардлага олонтоо гардаг.
- Ангийн самбар нь олон жил ашиглагдсан байдаг тул харагдац муутай байдаг.
- Самбар дээр бичсэн зүйл тодорч харагдтал тодорхой хугацаа шаардагддаг.
- Багш гаргац муутай, жижиг үсгээр бичсэн тохиолдолд арын ширээнүүдэд сууж буй сурагчдад харагддаггүй. Ийм тохиолдолд сурагчид буруу бичиж авдаг.
- Багш самбарын зүүн талд бичиж байгаа үед 1-р салаа, самбарын дунд бичиж байгаа үед 2-р салаа, баруун талд бичиж байгаа үед 3-р салааны сурагчдыг биеэрээ хаадаг.
- Самбар дээр их зүйл бичих нь цаг их авдаг.
- Нэг бүлгүүдэд хичээл зааж байгаа тохиолдолд нэг л сэдвийг анги болгонд самбар дээр бичдэг гэх мэт олон бэрхшээл багш нарын өмнө байнга тулгарч байдаг.
Цахим хэлбэрээр сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх нь самбар дээр бичих үед тулгардаг бэрхшээлээс зайлсхийх боломж олгодгоороо давуу талтай юм.
Мөн ватум цаас, бичгийн цаас ашиглаж уламжлалт аргаар бэлтгэсэн сургалтын хэрэглэгдэхүүн нь тодорхой хугацааны дараа хуучирч муудах бэрхшээл дагуулдаг бол цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглах явцдаа дутагдалтай зүйлийг засаж, сайжруулж, баяжуулж байх боломжтой юм.
Цахим сургалтын хэрэглэгдэхүүнээ компьютертаа хадгалсан тохиолдолд вирустсэн болон дахин форматлах үед устах аюултай тул www.4shared.com, www.slideshare.net зэрэг сайт, интернетийн цахим шуудан дээрээ хадгалж болохоос гадна CD,DVD рүү хуулж бичиж хадгалж болно.
Ээлжит болон нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулахдаа агуулгын аль хэсэгт ямар цахим сургалтын хэрэглэгдэхүүн хэрэглэхээ төлөвлөх шаардлагатай. Хичээлийн аль хэсэгт, агуулгыг илүү ойлгомжтой болгохын тулд ямар сургалтын хэрэглэгдэхүүн ашиглахаа багш өөрөө шийдвэрлэнэ.
- Тодорхойлолт
- Ишлэл
- Томъёо, томъёоны гаргалгаагаар цахим сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэхийн зэрэгцээ агуулгад тохирсон
- Зураг
- Видео бичлэг
- Диаграм
- График
- Схем зэргийг ашиглах нь цахим сургалтын хэрэглэгдэхүүнд тооцогддог.
Цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг сонирхолтой болгохын тулд дуу авиа, хөдөлгөөн оруулдаг.
Хими, физикийн хичээлийн туршилтын ажил болон сурах бичиг дээр байхгүй нэмэлт материалыг интернетээс хайж олж, сургалтын хэрэглэгдэхүүн болгож ашиглах нь хичээлийн үр өгөөжийг дээшлүүлдэг.
Цахим хичээл, цахим сургалтын хэрэглэгдэхүүний ялгаа
MS Power Point програмын слайд дээр зааж буй хичээлээ текст хэлбэрээр нэг бүрчлэн бичсэнээ цахим хичээл гэж үзэх буруу ойлголт багш нарт байдаг.
Ийм хичээлүүдэд 1 слайданд сунжирсан урт текст багтаах, жижиг үсгээр бичигдсэн байх, эхнээсээ дуустал зөвхөн текст байдаг зэрэг алдаа байдаг.
Цахим хичээл нь цахим сургалтын хэрэглэгдэхүүнээс бүрдэх учраас цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн хоёр ямар нэгэн ялгаагүй юм шиг харагддаг.
Уламжлалт аргаар зааж буй хичээлийн явцад цахим хэлбэрээр бэлтгэсэн сургалтын хэрэглэгдэхүүн ашиглаж байгаа тохиолдолд цахим хичээл зааж байна гэж үзэж болно.
Ээлжит хичээлийн цахим хичээлийн слайданд
- Зорилго, зорилт
- Агуулгад нийцсэн цогц сургалтын хэрэглэгдэхүүнүүд
- Дүгнэлт
заавал орсон байдгаараа цахим сургалтын хэрэглэгдэхүүн ашиглаж заасан цахим хичээлээс ялгаатай юм.
Шаардлагатай слайд хооронд холбоос хийсэн байх хэрэгтэй. Жнь: Хичээлийн төгсгөлд хичээлийн эхэнд ямар зорилго, зорилт тавьж байсан слайд руу буцах холбоос хийгдсэн байх хэрэгтэй юм.
Мөн сурагчдын өмнөх хичээлийн мэдлэгийн тvвшинг тодорхойлох тест хичээлийн эхэнд, тухайн хичээлийн агуулгыг ойлгосон эсэхийг шалгасан тест хичээлийн төгсгөлд оруулсан байвал vр дvнтэй юм.
Цахим хэлбэрээр тест, судалгаа хийх аргачлалыг төслийн 3-р шатны сургалтаар заах болно.
Цахим хичээл учраас самбар ашиглахгүй гэсэн буруу ойлголт байдаг бөгөөд МХТ-ийг хэрэглэх нь сургалтыг чанартай болгох, зааж буй сэдвийг ойлгуулах цорын ганц арга зам биш учраас шаардлагатай зүйлийг самбар дээр бичиж, зэрэгцүүлж ашиглах нь тохиромжтой юм.
Цахим сургалтын хэрэглэгдэхүүнд тавигдах шаардлага
MS Power Point, OO Presentation програм дээр хийсэн цахим сургалтын хэрэглэгдэхүүн:
- Слайдын суурь өнгө, текстийн өнгө сурагчдын нүд ядраахгүйгээр сонгосон байх
- 1 слайданд багтах текст 5-6 мөр байх
- Дизайн, өнгө үзэмж сайн байх
- Зураг, дүрслэлийг агуулгад тохируулж, оновчтой сонгосон байх
- Хамгийн арын ширээнд сууж байгаа сурагчдад харагдахуйц үсгийн фондын хэмжээг сонгосон байх
- Нэг слайданд нэг л утгат хэсэг байх
- Слайдын дээд, доод хэсэгт сурагчдын анхаарлыг сарниулах байнгын хөдөлгөөнт зураг оруулахгүй байх
- Слайдуудын өнгөний зохицол нийцтэй байх
- Дүрмийн алдаагүй байх
Хэрэглээний програм дээр хийсэн текстийг PDF ашиглан хөрвүүлж хийсэн цахим сургалтын хэрэглэгдэхүүн:- Текстийн хэмжээг 5-8 мөрөөр хязгаарлаж, 10-аас дээш хийхгүй байх
- Текстийг мөрний уртаар хязгаарлаж, дээд тал нь 8-10 хүртэлх үгийг нэг мөрөнд багтаасан байх
- Текстийн өнгө сурагчдын нүд ядраахгүйгээр сонгосон байх
- Дүрмийн алдаагүй байх