Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник
Багш хөтөлдөг баримт бичгүүдэд дараах зүйлсийг оруулж болно. Үүнд:
1. Багшийн журнал
2. Анги удирдсан багшийн дэвтэр
3. Хичээлийн конспект
4. Өдрийн тэмдэглэл
5. Дүнгийн хавтгай зэргийг оруулж болно. Эдгээр бичиг баримтууддаа дүн шинжилгээ хийснээр багш хүн өөрийн үйл ажиллагааны явц үр дүнгийн талаар тодорхой хэмжээний мэдээллийг олж авах боломжтой.
Хэдийгээр, багш нар эдгээр бичиг баримттай өдөр бүр шахам харьцаж ажиллаж байдаг ч эдгээртээ тодорхой чиг зорилготой дүн шинжилгээ хийдэггүйн улмаас ихэвчлэн мэдээ өгөх төдийхнөөр ажлаа хязгаарладаг.
Багшийн журналд дүн шинжилгээ хийх
Багшийн журналаас түүний ажилдаа хандаж буй байдал, сахилга хариуцлага, хүүхэдтэй ажиллаж байгаа үйл ажиллагааны ерөнхий арга барил харагдана.
Багш өөрөө ч өөрийнхөө журналыг эргэж үзэж өөртөө үнэлгээ өгч дүгнэлт хийж болно.
Хичээлийн хуваарь дээр хийх шинжилгээ
Багш өөрийн хичээлийн хуваарь дээрээс дараах асуултуудад хариулт өгөхийг оролдох шаардлагатай. Үүнд:
а. Миний 7 хоногт ажиллах ёстой (наад зах нь 40) цагийн хэдэн хувь нь хичээлд зарцуулагдаж байна вэ?
6. Би 7 хоногт хэдэн цагийг хичээлээс гадуур сурагчидтай ажиллахад зарцуулж байна вэ?
в. Би 7 хоногийн тодорхой гаригийн тодорхой цагийг өөрийгөө хөгжүүлхэд зарцуулж чадаж байна уу?
г. Эдгээрийг би цагийн хуваарьтаа тусгаж тогтмолжуулж чадаж байгаа билүү? гэсэн асуултуудыг өөртөө тавьж өгч буй хариултаараа өөрийгөө тандаж үнэлж болно.
Энд гагцхүү өөртөө шүүмжлэлтэй хандах чадвар л чухал. Хэрвээ та өөрийгөө хөгжүүлье л гэж байгаа бол өөрийнхөө ажлын доголдол, дутагдлыг олж засах шаардлагатай. Энэ нь энэхүү өөрийн ажлын төлөвлөлт, цаг ашиглалтаас эхэлнэ.
Сурагчдын хичээлийн ирц оролцоонд дүн шинжилгээ хийх
Багш өөрийн хичээл зааж байгаа бүх бүлэг, сурагчдын ирц, оролцооноос тэдний болоод өөрийнхөө үйл ажиллагаатай холбоотой олон чиглэлийн мэдээлэл олж харах боломжтой. Үүнд:
а.Тухайн булгийн ерөнхий төлөвшил, сахилгын байдал
б. Өөрт тань болоод тухайн хичээлд хандаж байгаа хандлага.
в.Тухайн тодорхой сурагчийн идэвхи санаачлага, хөгжил төлөвшил байдал зэргийг илрүүлэх боломжтой.
Хичээлийн ирц, даалгавар хийж байгаа байдал, хичээлийн оролцоо зэрэгт гарч буй сөрөг хандлага, илэрлийн цаана дээр дурьдсан чиглэлүүдийн аль нэгэнд ямар нэг доголдол байгаагийн дохио болдог тул түүнийг мэдсэн тохиолдолд хүүхдүүдийг буруутгахаас өмнө яагаад ингэж байгааг нь сонирхох нь хэрэгтэй.
Ямар нэг алдаа, дутагдлыг засья гэвэл хэн нэгнийг буруутгах бус үндэс шалгааныг нь арилгаж байж л засах болно. Үүний тулд багш хүн сурган хүмүүжүүлэх харилцаанд гарч байгаа доголдлын шалтгааныг юун түрүү өөрөөсөө харах нь чухал байдгийг санах хэрэгтэй.
Анги удирдсан багшийн дэвтэрт дүн шинжилгээ хийх
Энэ дэвтрийг хөтөлсөн байдал нь тухайн багшийн ажлын хариуцлага, хандлага, сурган хүмүүжүүлэх онол арга зүйн мэдлэг чадварыг ерөнхийд нь илтгэн харуулна.
Иймд багш та өөрөө ч энэ дэвтрээ эргэн үзэж өдрийнхөө болон сурагчид, анги бүлгийн талаар тодорхой үнэлгээ дүгнэлт гаргах боломжтой.